Нийслэлийн 4 цэцэрлэг дулаан алдагдлын асуудлаа бүрэн шийдлээ

2017-11-01

Дэлхийн банкны Улаанбаатар цэвэр агаар төсөл нь 2017 оны 5 дугаар сараас эхлэн “Дулаалга аян” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн агаарын бохирдлын бүсэд байрлах 6, 38, 125, 82 дугаар цэцэрлэгүүдийн барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчлэн дулаан алдагдлыг бууруулж байгаа бөгөөд өнөөдөр 38-р цэцэрлэгийн ажлыг дуусгаж ашиглалтад хүлээлгэн өглөө.

Тус цэцэрлэг нь 7 бүлэгт 350 хүүхдийг хүмүүжүүлдэг. Нийслэлийн агаарын бохирдлын бүсэд байрладаг уурын зуухгүй, нүүрсний бус аргаар халаалтаа шийдсэн цөөхөн цэцэрлэгүүдийн нэг гэдгээрээ онцлогтой. Цахилгаанаар халдаг технологоор халаалтаа шийдсэн боловч барилгын дулаан алдагдал ихээс болж цахилгаанд зарцуулах зардал их, хүүхдүүд даарах, тух муутай байх асуудал байсан. Дулаан алдагдлын энэ асуудлыг нь Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд шийдэж өгснөөр тус цэцэрлэгийн цахилгааны хэрэглээ багасах, хүүхдүүдийг эрүүл орчинд байлгах боломжтой болж байна.
УБЦАТ-ийн хүрээнд тус цэцэрлэгт нийт 83.0 сая төгрөгний дараах ажлуудыг гүйцэтгэсэн болно. Үүнд:
1. 20 ширхэг цонх солих
2. 195 м2 дээврийг хуулж дулаалах
3. 4 ширхэг агаар сэлгэлтийн системийг шинэчлэх,
4. Хаяавч бетон буулгаж, гадна суурь дулаалах
5. 334 м2 талбай бүхий гадна хана дулаалах

Тус цэцэрлэгт төслийн хүрээнд өмнөх жил дотоод орчны 4 ширхэг агаар шүүлтүүрийг ханган нийлүүлсэн. Ингэснээр 38-р цэцэрлэг нь халаалт болон дотоод орчны агаарын бохирдлын асуудлаа цогцоор нь шийдсэн цэцэрлэг болж байна.

 



Сэтгэгдэл нэмэх