МУ-ийн Ерөнхий сайд УБЦАТ-ийн ажилтай танилцав

2017-12-01

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж ирсний нэг нь “Дулаалгын аян” загвар төсөл юм.
“Дулаалгын аян”-ы зорилго нь "Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар ордог"-ийг иргэддээ ойлгуулах, галаа дахин дахин өрдөхийн оронд орон байраа дулаалбал бага түлш хэрэглэн, өрхийн зардлаа бууруулж, өнгө үзэмжтэй байшинд ая тухтай амьдрахад сургах, улмаар агаарын бохирдлыг бууруулахад Нийслэлийн иргэн Та хувь нэмрээ оруулах ёстойг ухамсарлуулах, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн.
Бид нийслэлийн иргэдийн төлөөлөл болсон 4 айлыг /хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй ахмад, өрх толгойлсон ээж, залуу гэр бүл / сонгон авч дулаан алдагдлыг бууруулах арга техник, технологийг бодит жишээн дээр зааж сурган 8 цуврал нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд 2 сарын турш түгээсэн.
Мөн гэр хорооллын агаарын чанарыг сайжруулах 1 ба 2-р бүсэд амьдардаг 200 орчим айл өрхийн байшин-сууцыг дулаалах ажлыг иргэдийн өөрсдийнх нь санхүүгийн болон хөдөлмөрийн оролцоотойгоор хийж гүйцэтгээд байна. Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайдын айлчилж байгаа Адъяасүрэн нь эдгээр айлуудын нэг юм. Нялх балчир хүүхдүүдийн өсч, хүмүүжиж байгаа цэцэрлэгүүдийн дулаан алдагдлыг бууруулах, дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахын зорилгын хүрээнд гэр хороололд байрладаг 4 цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулж 1500 орчим хүүхдийг даарч хөрөхөөс хамгаалаад байна.
Мөн 91 цэцэрлэгт өндөр нягтаршилтай, шүүх чадвар сайтай шүүлтүүр (ХЕПА) бүхий агаар цэвэршүүлэгч 950 төхөөрөмжийг цэцэрлэгийн анги танхимд суурилуулаад байна. Цаашид 550 агаар цэвэршүүлэгчийг гэр хороололд байрладаг үлдсэн цэцэрлэгүүдэд өгөхөөр ажиллаж байна
Дээрх арга хэмжээ нь хэр зэрэг ач холбогдолтой болсныг эргэх холбоо үүсгэн судалж үзэхэд дараах эерэг үр дүнгүүд гарч байна. Үүнд:
• Дулаалгын аянд хамрагдсан айлууд өдөрт 2-3 удаа галладаг байсан бол өдөрт нэг л удаа галлаж байна
• Дулаахан гэрт шөнийн цахилгааны хөнгөлөлтийг эдлэн дурын цахилгаан хэрэгсэлээ авч ашиглах боломжтой болж байна.
• Хөрш зэргэлдээ айл өрхүүд нь хэрхэн яаж орон байраа дулаалах талаар маш их асууж сурагладаг болж байна.
• Агаар цэвэршүүлэгч суурилуулснаар дотоод орчны агаарын бохирдлыг 3.2 дахин бууруулж, хүүхдийн нойрсох хугацааг уртасгаж байгааг судалгаагаар тогтоогоод байна.
• Дулаан тусгаарлалтын иж бүрэн засвар шинэчлэлтэд хамрагдсан 4 цэцэрлэгийн хүүхдүүдийн анги дүүргэлт хэвийн болж байна. /Өвлийн улирлуудад даарч хөрснөөс ирц эрс буурдаг байсан/
Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр агаарын бохирдолтод өртөмхий, эмзэг бүлэг гэгддэг 2-5 насны 32 орчим мянган хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцлийг бүрдүүлээд байна.
Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайдын айлчилж байгаа БГД-ийн 11-р хорооны иргэн Адъяасүрэн нь Дулаалгын аянд хамрагдсан 200 орчим айлын нэг бөгөөд 38 цэцэрлэг нь гэр хороололд утааны голомтод байрладаг цэцэрлэг боловч халаалтаа цахилгаанаар шийдсэн, дулааны алдагдлаа бууруулсан, бүх анги танхим нь агаар цэвэршүүлэгчээр хангагдсан үлгэр жишээ цэцэрлэг болоод байна.

 

 

 



Сэтгэгдэл нэмэх